• Octagon.mn
  • Posts
  • 😮 Хагас тэрбум идэвхтэй хэрэглэгч

😮 Хагас тэрбум идэвхтэй хэрэглэгч

Өглөөний мэнд хөрөнгө оруулагчид аа! 

БНСУ-ын алдарт охидын хамтлаг болох BLACKPINK Coachella-н тайзыг донсолгосон 7 хоног болж өнгөрлөө. Энэ үйл явдлыг томоохон Entertainment компаниуд нүдээ аниад өнгөрөөлгүй тус улсын дуу хөгжмийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ зарлаад авлаа. Цухас дурдвал:

  • Netflix (NASDAQ:NFLX) кино урлагийн салбарт $2.5B хөрөнгө оруулалт хийсэн ба Squid Game, Physical:100 зэрэг амжилттай кино уран бүтээлүүд сонирхлыг нь татсан болов уу. 🤔

  • Disney (NYSE:DYS), Apple (NASDAQ:AAPL) болон Amazon (NASDAQ:AMZN) нар ч мөн адил кино урлагийн салбарт хөрөнгө оруулалт хийх судалгааны баг хүртэл бүрдүүлээд амжжээ. 🤗

5 сарын эдийн засгийн хуваарь

*1 өдрийн ханшийн өөрчлөлт

Хагас тэрбум идэвхтэй хэрэглэгч 😮

Даваа гарагт хөрөнгийн зах зээлд өсөлттэй хаагдсан хувьцааны нэг Spotify (NYSE:SPOT) байлаа. Энэ оны эхний хагасын санхүүгийн байдлаа тайлагнаснаар 5%-ийн өсөлт гарлаа.

Санхүүгийн тайлангийн хураангуй: 👇

  • Идэвхтэй хагас тэрбум хэрэглэгч: Идэвхтэй хэрэглэгчийн тоо хэмжээ бүх цаг үеийн дээд цэгтээ хүрлээ. Нийт 515 сая идэвхтэй хэрэглэгчтэй болсон нь өмнө жилийн мөн үеэс 22%-иар өссөн. Тэднээс 210 сая нь төлбөр төлж үйлчилгээ авдаг. Энэ нь өмнө жилийн мөн үеэс 15%-ийн өсөлттэй байсан гэнэ шүү. 📈

  • Нийт орлого: Хэрэглэгчдийн төлбөрийн орлого гэхэд л нийт 3 тэрбум евро болсон нь мөн 14%-ийн өсөлт үзүүллээ.💶🤑

  • Үйл ажиллагааны зардал/орлого: Үйл ажиллагааны зардал 156 сая евро буюу зар сурталчилгааны зардал болон нийт зардлаа бууруулсан гээд олон амжилттай үзүүлэлт тайлагналаа. 😇

Эх сурвалж: Spotify

Хэдийгээр ашигтай ажиллаж байгаа ч орлогын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор зөвхөн томоохон подкастын хөтлөгчдийг өөртөө хадгалахын тулд өдийг хүртэл жил бүр $1B-ыг төсөвлөдөг зардлаа танах төлөвлөгөөтэй байгаа бололтой.

Эцэст нь… Их хэмжээний орлого олж буй хэрэглэгчийн тоо өссөн энэ үед сар бүрийн үндсэн хураамжийн үнээ нэмж байгаа нэг сул талтай юм билээ шүү уншигчид аа. Санхүүгийн зохицуулалт хийж бэлтгэлтэй байх цаг бас л ирэх нь дээ. 🙈

Авралгүй болов 😪

2022 оны 7 сард дампуурлаа зарлаад байсан Voyager-н ганц аврал Binance US 1 тэрбумтай дүйцэхүйц хэмжээний хөрөнгө худалдаж авах зөвшилцөл байсан. Харамсалтай нь хэдхэн хоногийн өмнө Binance US уг зөвшилцлөө татан авч Voyager-н хөрөнгийг худалдаж авах хүсэлгүй гэдгээ мэдэгдлээ.

Binance US-н зүгээс “АНУ дахь хууль зүйн тодорхойгүй заалтын улмаас цуцлав” гэх тайлбарыг хийсэн. Voyager-н дараагийн сонголт өөрсдийнх нь нэрлэж буйгаар “сэлгэх сонголт” буюу хувийн хөрөнгө оруулагчийн эрэлд гарна гэдгээ мэдэгдсэн билээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар АНУ дахь хууль эрх зүйн орчин болон СЗХ-ноос Voyager-т тавиад байсан үндэслэлгүй царцаалт, зөвшилцлийн явцыг санаатайгаар удаашруулсан гэх таамаглалыг дэвшүүлсэн төдийгүй авралын ганц гарц хаагдчихлаа… 😪

Дараагийн банк. Гэхдээ…

Энэ оны 2 сард хөрөнгийн зах зээлд $150-оор арилжаалж байсан First Republic Bank (NYSE:FRC)-ны хувьцаа $6.07 болж 95%-иар уналаа.

Яагаад? 

АНУ-д болж өнгөрч буй банк санхүүгийн байгууллагуудын дампуурал, асуудал шууд нөлөөтэй. 

Silicon Valley Bank үйл ажиллагаагаа зогсоосон нь First Republic Bank-ны мөнгөн урсгалд нөлөөлж 100 тэрбум ам.долларт хүрч чадахгүй уналтад оржээ. 📉

Гарц: Wedbush ҮЦК-ын ахлах шинжээч David Chiaverini-н үзэж буйгаар First Republic Bank-нд авч хэрэгжүүлж болох 3 арга хэмжээ байгаа гэж үзжээ. Үүнд: 👇

  • Үргэлжлүүлэх: First Republic Bank-нд үүсээд буй санхүүгийн дарамт, мөнгөн урсгалын жигд бус байдлаас зах зээлийн сэргэлтийг хүлээх буюу хөрөнгө оруулагчдын тогтвортой байдлыг хүлээж аргацаах 

  • Хамтрах: Мөнгөн урсгалын удаашралыг зогсоох найдвартай арга зам нь мэдээж их хэмжээний бэлэн мөнгийг төвлөрүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын том банктай хамтрах явдал. Гэхдээ тэр хэмжээгээрээ эрсдэлийг дагуулах нь гарцаагүй.

  • Шийдвэрлэх: Банк санхүүгийн дарамтаа дийлэхгүйд хүрвэл хуулийн хүрээнд шийдвэрлэж, зохицуулалт хийх боломжтой байдаг. Ингэснээр Төв банк тухайн банкны нийт хөрөнгийг захиран зарцуулах эрхийг авна гэсэн үг.

Тэгвэл… Хувьцааны ханш унах нь дампуурах шалтгаан биш гэдгийг та бүхэн мэдээд аваарай. First Republic Bank-ны хувьд өмнөх банкнаас ялгаатай нь асуудлаас гарах, авч хэрэгжүүлэх гарц гаргалгаатайгаараа давуу харагдаж байна. 👍