• Octagon.mn
  • Posts
  • Binance-ын тавьсан хязгаарлалт 😪

Binance-ын тавьсан хязгаарлалт 😪

Өглөөний мэнд! Улс орон даяар үерийн нөхцөл байдал зарлаж онцгой байдалд шилжиж байна. Та бүхэн минь болгоомжтой байж, өөрийгөө болон эд хөрөнгөө хамгаалаарай. Octagon-ы зүгээс зөвлөх зөвлөмж:

Үерийн ус туулалгүй, замын хөдөлгөөнд оролцож буй иргэдээс тусламж хүсээрэй. Үерийн ус доор цахилгааны утас байх эрсдэлтэйг үргэлж санаарай 🤗

1 өдрийн ханшийн өөрчлөлт*

Binance 10 токений орлого, зарлагыг хязгаарлалаа 🚫

Өнгөрсөн 5-р сард Multichain протокол дээр хийгдээд байсан царцсан гүйлгээний үр дүрд өчигдөр Binance Multichain протоколоор дамжиж буй орлого зарлагын гүйлгээг хязгаарлалаа.

Binance Chain, Ethereum, Avalache, Fantom тэргүүтэй 10 төрлийн токен багтсан бөгөөд хэрэглэгчид өөрсдийн токенийг Multichain-ээс өөр протокол ашиглан татаж авах боломжтой гэнэ.

Multichain протоколын эргэн тойронд сүүлийн 1 сарын хугацаанд Телеграм(community)-д гэхэд л алдаатай гүйлгээ, сүлжээний удаашрал зэрэг гомдлууд тасралтгүй хөвөрч байна.

Яг энэ үеэр Хятадын эрх баригчид Multichain протоколын гүйцэтгэх захирал Zhaojun-г баривчилсан гэх мэдээлэл олны дунд тархаад байгаа ба хөгжүүлэлтийн болон олон нийттэй харилцах алба “Гүйцэтгэх захирал ор сураггүй алга болсон нь үнэн” гэх мэдээллээр тус шуумыг баталчхав.

Гүйцэтгэх захирал Zhaojun-д юу тохиолдсон нь хэдий нууц хэвээр байгаа хэдий ч oxScope протоколын гүйцэтгэх захирал Bobie “Multichain протоколын үйл ажиллагаа хэвийн явж эхэлсэн. Гүйцэтгэх захирал шоронгоос суллагдсан” гэв.

Twitter “будаа болно” 🕊👊

Meta компаниас олны дунд хүлээлт үүсгээд байсан Twitter-н өрсөлдөгч бүтээгдэхүүн болох “Threads” хэрэглээнд нэвтэрлээ.

“Threads” нь өөрийн Instagram хаягаар нэвтэрч Twitter-тэй адил хэв маягаар жиргэх боломжтой бөгөөд өөрсдийн Instagram хэрэглэгчийн нэр, дагагч зэрэг бүх өгөгдлийн хамтаар хоршиж ажиллах гэнэ.

Тэгвэл…

Twitter-с юугаараа давуу талтай юм?

Twitter-н сүүлийн хагас жилд шинэчэгдсэн өөрчлөлтүүд хэрэглэгчдийн дургүйцлийг ихээхэн хүргээд байгаа энэ үед Meta компани хэрхэн онцгойрч байна гээч?

  • Тэмдэгтийн тоо: Twitter-н нэг жиргээ 280 тэмдэгтийн хязгаарлалттай байдаг бол тус апп нь 500 тэмдэгтийн хязгаарлалттай. Мөн Instagram-тай адил 5 хүртэлх минутын бичлэг, зураг болоод линк оруулах боломжтой.

  • Хэрэглэгчид: “Threads” нээлтээ хийсэн даруйдаа ердөө 2 цагийн дотор нийт 2 сая хэрэглэгчтэй болж байхад Twitter-н жиргээ унших хязгаарлалт хэвээр байгаа тул хэрэглэгчдийн тоо буурч байгаа нь гарцаагүй.

  • Аюулгүй байдал: Цахим орчинд мэдээллийн аюулгүй байдал хамгаас чухал. Тэгвэл тус аппликейшнийг ашиглахын тулд та өөрийн эрүүл мэндээс эхлээд интернэт хайлтын мэдээллээ хүртэл хуваалцах шаардлагатай юм гэнэ. Бодох л асуудал…

Гэхдээ… Meta компани өрсөлдөгчийнхөө бүтээгдэхүүнийг өөрсдийн бүтээгдэхүүнд шингээдэг нэг гэмтэй. Instagram Story-г Snapchat-с, Reels-г Tiktok-с.

Одоо харин Instagram Threads-г Twitter-с хулгайлчихлаа…Meta зар сурталчилгаа явуулах сувгаа жилээс жилд л нэмсээр байх шиг ээ. 🤔

Их гүрнүүдийн хоорондын дайн 🗡☁

Сүүлийн жилүүдэд томоохон гүрнүүдын хооронд худалдааны дайн дэгдээд байгаа. Тэр дундаас хурцадмал байдалтай нь АНУ, БНХАУ хоорондын худалдааны дайн юм. Саяхан гэхэд АНУ-ын Конгрессын Төлөөлөгч танхимын дарга Нэнси Пелоси Тайвань улсад айлчлал хийхэд Хятадтай харьцах харилцаа муудсан төдийгүй Хятадын зүгээс АНУ руу чиглэсэн тагнуулын бөмбөлөг хөөрсөн зэрэг олон хардлага байна.

Эх сурвалж: Read the Joe

Тэгвэл 2023 он гарснаар дахин нэг маргах асуудал гарч ирсэн нь “Хиймэл Оюун Ухаан” байлаа.

Дэлхий нийтээр хамгийн шилдэг хиймэл оюун ухааныг бүтээхээр өрсөлдөж байх хооронд АНУ, Хятад хоёрын өрсөлдөөн дараах онцлогтой байгаа юм. Тухайлбал,

  • WSJ-н мэдээлж буйгаар АНУ хиймэл оюунд зориулсан загварчлагдсан чипийг Хятад улс руу экспортлоход хязгаалалт тавих тухай хэлэлцэж байгаа гэв

  • Хятад улс электрон төхөөрөмж болон хагас дамжуулагч бүтээхэд ашиглагддаг Германи болон Галли гэх гол металын экспортыг зогсоогоод байгаа юм.

  • Мөн WSJ-н мэдээлж буйгаар ерөнхийлөгч Biden АНУ-д үйл ажиллагаа явуулж буй үүлэн технологи хөгжүүлэгч Microsoft (NASDAQ: MSFT), Amazon (NASDAQ: AMZN)тэргүүтэй компаниудыг Хятад улсад үйлчилгээ үзүүлэхийг зогсоох тал дээр ажиллаж байгаа гэх мэдээлэл ч бий.

Эндээс харахад Их гүрэн гэдэг дан ганц биет материал бус үйлчилгээн дээр хүртэл хязгаарлалт тавих боломжтой байх нь. Асуудал хурцадвал гуравдагч хөрш орон болсон жижиг улсуудад сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой юм…